/ /

 ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр                                                                                Улаанбаатар хот

/Шинэчилсэн найруулга/

I ХЭСЭГ

ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ, ЗАРЧИМ

1.1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

1.2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.

3.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр, түүнд хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ.

4.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална.

5.Гадаад улсын, олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ.

1.3 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.

1.4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

1.1.“анхан шатны шүүх” гэж эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуулиар харьяалуулсан шүүхийг;

1.2.“бусад газар” гэж хүн, хуулийн этгээдийн орон байрнаас бусад өмчлөл, эзэмшлийн байр, байгууламж, бусад обьектыг;

1.3.“бусад оролцогч” гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг;

1.4.“гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг;

1.5.“томилогдсон өмгөөлөгч” гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг;

1.6.“давж заалдах шатны шүүх” гэж эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуулиар харьяалуулсан шүүхийг;

1.7.“даруй” гэж боломжит богино хугацааг;

1.8.“мөрдөгч” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг;

1.9.“мөрдөн шалгах ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг;

1.10.“мөрдөн шалгах нууц ажиллагаа” гэж прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулах энэ хуульд заасан ажиллагааг;

1.11.“мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга” гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах нэгжийн даргыг;

1.12.“мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага” гэж энэ хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар заасан байгууллагыг;

1.13.“оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;

1.14.“орон байр” гэж Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн Тайлбарт заасныг;

1.15.“орчуулагч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж байгаа хүнийг;

1.16.“өмгөөлөх тал” гэж шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;

1.17.“өсвөрнасны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг;

1.18.“прокурор” гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг;

1.19.“садангийн хүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д заасныг;

1.20.“талууд” гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг;

1.21.“тусгай мэдлэг” гэж тухайн хүний эзэмшсэн шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи, урлаг, гар урлалын салбарын болон хэргийн бодит байдлыг тогтооход шаардагдах бусад мэдлэгийг;

1.22.“төрлийн хүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д заасныг;

1.23.“үндэслэл бүхий сэжиг” гэж энэ хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах нөхцөл үүссэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаархи мэдээлэл, хэргийн нөхцөл байдалд тулгуурласан мөрдөгч, прокурор, шүүгчийн дотоод итгэлийг;

1.24.“үр хүүхэд” гэж төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, гуч, жичийг;

1.25.“хангалттай үндэслэл” гэж шүүх, прокурор, мөрдөгч энэ хуульд заасан шийдвэр гаргахад нөлөөлж байгаа бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэнийг;

1.26.“хойшлуулшгүй тохиолдол” гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг;

1.27.“хяналтын шатны шүүх” гэж Улсын дээд шүүхийг;

1.28.“хэлмэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэлээс монгол хэл рүү, монгол хэлээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл рүү, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилж байгаа хүнийг;

1.29.“шинжээч” гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2-т заасныг;

1.30.“шөнийн цаг” гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг;

1.31.“шүүгч” гэж бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийг;

1.32.“шүүхийн иргэдийн төлөөлөгч” гэж шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэнийг;

1.33.“шүүхийн шийдвэр” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг;

1.34.“прокурорын шийдвэр” гэж Прокурорын тухай хуулийн 31.1-д заасныг;

1.35.“мөрдөгчийн шийдвэр” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн гаргах тогтоолыг;

1.36.“эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг;

1.37.“яллах тал” гэж прокурорыг.

1.5 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол

1.Дараахь тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй:

1.1.гэмт хэргийн шинжгүй;

1.2.гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан;

1.3.яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/;

1.4.тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа;

1.5.тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон.

2.Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана.

3.Энэ зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх ба уг шийдвэрийн талаар энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.

1.6 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх

1.Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

3.Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал гаргах ба Улсын дээд шүүх уг саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.

4.Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Улсын ерөнхий прокурорт энэ талаар санал гаргах ба Улсын ерөнхий прокурор уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах журам нь энэ хуулийн зарчим, агуулгад нийцсэн байна.

6.Энэ хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахыг хориглоно.

1.7 дугаар зүйл.Хэргийн бодит байдлыг тогтоох

1.Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

2.Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

3.Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.

4.Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.

1.8 дугаар зүйл.Хүний халдашгүй байх эрхийг хангах

1.Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.

2.Хуульд зааснаас бусад тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүй, эсхүл шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар баривчлагдсан, цагдан хоригдож байгаа хүнийг прокурор даруй суллана.

3.Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна.

1.9 дүгээр зүйл.Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.

2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно.

1.10 дугаар зүйл.Орон байрны халдашгүй байдлыг хангах

1.Орон байр халдашгүй байна.

2.Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.

1.11 дүгээр зүйл.Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыгхамгаалах

1.Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалах ба энэхүү эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж болно.

1.12 дугаар зүйл.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх

1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

1.13 дугаар зүйл.Шүүхэд хандах

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээд хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй.

1.14 дүгээр зүйл.Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах

1.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.

2.Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана.

1.15 дугаар зүйл.Гэм буруугүйд тооцох

1.Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.

2.Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ХАРЬЯАЛАЛ

2.1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалал тогтоох нийтлэг үндэслэл

1.Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллын дагуу явагдана.

2.Монгол Улсын хилийн гадна үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын харьяаллыг Улсын ерөнхий прокурор, хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний шийдвэрээр тогтооно.

3.Шүүх, прокурор хянан шийдвэрлэж байгаа хэрэг нь харьяаллын бус болохыг тогтоовол харьяалах хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, шүүхэд шилжүүлнэ.

4.Энэ хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүх, прокурор, мөрдөгч хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан мөрдөгч, прокурор шалгаж, шүүх хянан шийдвэрлэнэ.

2.2 дугаар зүйл.Шүүхийн харьяалал

1.Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.

2.Анхан шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна.

3.Хуульд тусгайлан зааснаас бусад эрүүгийн хэргийг сум буюу сум дундын, дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

4.Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ.

5.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүнчлэн аймаг, нийслэлийн шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон, эсхүл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх ашиг сонирхлын зөрчилтэй талаар гаргасан хүсэлт нь үндэслэлтэй бол адил шатны өөр шүүхийн дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд шүүгчдийн олонхи нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлнэ.

6.Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.

7.Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.

8.Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.

9.Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно.

2.3 дугаар зүйл.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал

1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна.

2.Энэ хуульд заасны дагуу тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар нь прокурорын шийдвэрээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг хамтран явуулж болно.

3.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно.

4.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон оролцогч, гэрч, хохирогчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоож болно.

5.Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа хэрэг нь харьяаллын бус болох нь мэдэгдвэл харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт даруй хүргүүлнэ.

6.Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоолгох саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэнэ.

II ХЭСЭГ

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, ОРОЛЦОГЧ

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШҮҮХ

3.1 дүгээр зүйл.Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

1.Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ.

2.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ.

3.Хяналтын шатны шүүх хуралдаанаар гомдол, эсэргүүцлийн дагуу шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ.

4.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ.

3.2 дугаар зүйл.Шүүх хуралдааныг нээлттэй явуулах

1.Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна.

2.Өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг нээлттэй явуулж болно.

3.Шүүх хуралдааныг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.

3.3 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн

1.Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг ээдрээ төвөгтэй гэж шүүгч үзвэл энэ тухай саналаа Ерөнхий шүүгчид гаргаж, тухайн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэж болно.

3.Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ.

4.Эрүүгийн хэргийг хяналтын журмаар таван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ.

5.Энэ зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

6.Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно.

3.4 дүгээр зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгч

1.Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хуралдаанд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

2.Шүүхийн иргэдийн төлөөлөгч дараахь эрхтэй:

2.1.шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад оролцож, шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр асуулт тавих;

2.2.шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ПРОКУРОР

4.1 дүгээр зүйл.Прокурорын бүрэн эрх

1.Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.

2.Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа дараахь эрхтэй:

2.1.гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;

2.2.гэмт хэргийн шинжийг өөрөө илрүүлсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах;

2.3.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоох;

2.4.гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах талаар гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэх;

2.5.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;

2.6.хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх, нэгтгэх, тусгаарлах;

2.7.хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд сэжигтнийг баривчлах саналыг шүүхэд хүргүүлэх, баривчлах ажиллагаа явуулахыг мөрдөгчид даалгах;

2.8.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах хугацааг сунгах;

2.9.яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлэх;

2.10.энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг мөрдөгчид олгох;

2.11.гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх;

2.12.энэ хуульд заасны дагуу гаргасан оролцогчийн хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд хавтаст хэргийг татаж хянах;

2.13.мөрдөгч, эсхүл хяналт тавьж байгаа прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх, хэргийг өөр мөрдөгч, прокурорт шилжүүлэх шийдвэр гаргах;

2.14.мөрдөгч, эсхүл хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаар прокурорт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааг таслан зогсоох;

2.15.мөрдөншалгах ажиллагаа явуулах даалгаврыг өгөх, түүний биелэлтийг хангуулах, шаардлагатай гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгаврыг хэд хэдэн мөрдөгчид өгөх, мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцож хяналт тавих, нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар хэргийг мөрдөгчид буцаах;

2.16.дээд шатны прокурор энэ хуульд заасан мөрдөгчийн саналыг үндэслэн тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааг хянах;

2.17.эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх, эсхүл энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай саналыг шүүхэд хүргүүлэх;

2.18.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг хянах, бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шалгах, шаардлагатай бол хавтаст хэргийг татаж хянах, уг ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын удирдлагад шаардлага тавих, зөрчлийг арилгуулах;

2.19.тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчийн ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргах;

2.20.шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, газар дээр нь танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах, хавтаст хэргийг архивт хадгалах;

2.21.мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих;

2.22.прокурорын хянан шалгах ажиллагаа явуулах;

2.23.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгч нь хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

2.24.энэ хуульд заасан бусад эрх.

3.Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4.2 дугаар зүйл.Прокурорын үүрэг

1.Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгож, хариуцлага тооцуулна.

2.Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.

4.3 дугаар зүйл.Прокурорын хянан шалгах ажиллагаа

1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулж болно.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
ӨМГӨӨЛӨГЧ

5.1 дүгээр зүйл.Өмгөөлөгчийн эрх, үүрэг

1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна.

2.Өмгөөлөгч дараахь эрхтэй:

2.1.сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй ганцаарчлан уулзах, түүнээс мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих;

2.2.хохирогч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах;

2.3.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах;

2.4.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурорт гаргаж өгөх, түүнийг хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох;

2.5.өмгөөлжбайгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах;

2.6.өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах тухай хүсэлт гаргах;

2.7.өөрсдийнх нь зөвшөөрснөөр хүн, хуулийн этгээдээс хэрэгт ач холбогдол бүхий тайлбар, баримт бичиг, тодорхойлолт гаргуулж авах;

2.8.мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах;

2.9.хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах;

2.10.шүүхийн хэлэлцүүлэгт оролцох;

2.11.мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

2.12.сэжигтнийг баривчлах, яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих, бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцох;

2.13.анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох;

2.14.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж оролцогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх санал гаргах;

2.15.энэ хуульд заасан бусад эрх.

3.Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ.

4.Өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсон тухай шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ.

5.Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй.

5.2 дугаар зүйл.Өмгөөлөгчийг сонгох

1.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.

2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн зөвшөөрснөөр, эсхүл хүссэнээр тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно.

3.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг өмгөөлөгчөө сонгох боломжоор хангахдаа шүүгч, прокурор, мөрдөгч тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй.

4.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзсан бол түүнд өөр өмгөөлөгч сонгох боломж олгоно.

5.Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах журмыг хуулиар тогтооно.

6.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна.

7.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн сонгосон өмгөөлөгч тухайн ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцох боломжгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаар бол тухайн мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн байцаалтын явцад хийгдэх шүүхийн хэлэлцүүлэгт шүүх, прокурор, мөрдөгч нь томилогдсон өмгөөлөгчийг оролцуулж болно.

5.3 дугаар зүйл.Өмгөөлөгч оролцуулах

1.Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй:

1.1.хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй;

1.2.өсвөр насны;

1.3.монгол хэл, бичиг мэдэхгүй;

1.4.бүх насаар хорих ял оногдуулж болох;

1.5.хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;

1.6.төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулна.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.

5.4 дүгээр зүйл.Өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгаа

1.Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна