/ /

 

Засгийн газрын 2020 оны 141
дүгээр тогтоолын хавсралт

 

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Манай улсад сүүлийн 3 жилд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо, хөдөлгөөн, тархалт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны А/118 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны статистикийн үзүүлэлт тооцох аргачлал”-ын дагуу тодорхойлж, цаашдын чиг хандлагыг нийгэм, эдийн засаг, эрүүгийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэхэд жилд дунджаар 31 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдэж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 184.8 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч, 981 хүн нас барж, 10351 хүн бие махбодиороо гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон ба нийт гэмт хэргийн илрүүлэлтийг шинэчлэн баталсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанд буюу сүүлийн 3 жилийн байдлаар авч үзэхэд 2017 онд 35.6, 2018 онд 36.0, 2019 онд 44.9 хувьтай байна.

Дээрх тоо баримтаас дүгнэхэд манай улсад 5 жилийн дараа буюу 2024 онд гэмт хэрэг 41515 буюу 14.6, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 1135 буюу 21.5 хувиар, зам тээврийн осол 2.9 дахин, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 30.0, гэмт хэргийн улмаас нас баралт             10.0, бусдын бие махбодид гэмтэл учруулах зөрчил 15.0 хувиар тус тус өсөх хандлагатай гэсэн төсөөлөл гарч байна .

Үндэсний статистикийн хорооны статистик мэдээлэлд үндэслэн, аргачлалын дагуу тооцоолоход 2018 оны байдлаар жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 10.000 хүнд 169 гэмт хэрэг, дэлхийн улс орнуудын 100.000 хүн тутамд харьцуулан тооцоолох аргаар тооцоход жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 100.000 хүнд 1686 гэмт хэрэг  тус тус ногдож байгаа нь хүн ам багатай манай улсын хувьд гэмт хэргийн гаралт өндөр байгааг харуулж байна.

Тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-аас эрхлэн гаргадаг судалгаагаар 2016 оны байдлаар хүнийг санаатай алах гэмт хэргийн улмаас 100.000 хүнд ногдох хэрэг  Орос 10.8, Афганистан 6.3, Монгол Улс 5.5, Америк 5.3, Казахстан 4.8, Турк Улс 4.31, Герман, Франц, Бельги, Швед зэрэг улсуудад 1, Хятад 0.62, Япон 0.28 гэсэн үзүүлэлттэй байна .

Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хүн ам, тээврийн хэрэгслийн нягтрал, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөл бусад онцлогийг харгалзан Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын бүтэц, орон тооны болон автомашин, тусгай хэрэгслийн хангалт, тэдгээрийн эдэлгээний жишиг нормативыг баталсан. Уг тогтоолын дагуу 4000 хүн ам тутамд 1 хэсгийн байцаагч, 15000 хүн ам тутамд 2-оос доошгүй хэв журмын эргүүл, 350 тээврийн хэрэгсэл тутамд 1-ээс доошгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий алба хаагч, 150 км тутамд 1-ээс доошгүй орон нутаг дахь замын хэвтээ, босоо тэнхлэгийн дагуух цагдаагийн хяналтын цэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах шууд үүрэг бүхий алба хаагч нийт орон тооны 75-аас доошгүй хувийг эзэлнэ, хөдөлгөөнт эргүүлд 15000 хүн ам тутамд 1-ээс доошгүй, сум дахь цагдаагийн алба хаагчид 1-ээс доошгүй автомашин байхаар тус тус заасан боловч улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалан цагдаагийн байгууллагын одоогийн бүтэц, орон тоо, ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн тоо энэхүү жишиг нормативт хүрэхгүй, 4000 орчим орон тоогоор бага байгаа нь алба хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх, эрүүл мэндээр хохирох нөхцөлийг бий болгож байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын Их Хуралд хүргүүлсэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх     14 дэх илтгэлд дурдсан .

Бразил Улсад 2010 онд зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн хэрэг шүүн таслах асуудлаарх 12 дугаар конгресс дээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Олон улсын эрүүгийн нөхцөл байдал, шүүн таслах ажиллагааны талаарх илтгэлд “Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2006 онд дэлхийн 142 орны хууль сахиулах байгууллагыг хамруулан хийсэн хүн хүчний талаарх судалгаагаар 100.000 хүн ам тутамд дунджаар цагдаагийн 300 алба хаагч ногддог.

Дээрх тоо улс орон бүрт харилцан адилгүй байгаа ба зөвхөн 4 улсад 100.000 хүн ам тутамд 100-аас бага, Баруун Ази, Зүүн болон Өмнөд Европын зарим улс орнуудад харьцангуй өндөр (400 орчим) тооны цагдаагийн алба хаагч ногдож байна гэжээ. 

Монгол Улсын хувьд нэг алба хаагчид ногдох хүн амын тоо 371 байгаа нь дэлхийн бусад орны дундаж түвшингээс их ачаалалтай ажиллаж байгааг харуулж байна. Мөн гэмт хэрэг, зөрчил шалгах эрх бүхий алба хаагчдын ажлын ачаалал их байгаагаас долоо хоногт 70 хүртэлх цагаар ажиллаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 40 цаг ажиллахаас даруй 75.0 хувиар илүү байна. Тухайлбал, “Ажиглалт” төрийн бус байгууллагаас 2018 онд хийсэн “Цагдаагийн байгууллагын зарим ажлын байрны ачааллыг тооцох судалгаа ”-гаар 9 ахлах мөрдөгч тутамд        2, 9 мөрдөгч тутамд 2, 11 замын цагдаагийн зохицуулагч тутамд 1, 6 цагдаагийн зохицуулагч тутамд 1, 3 хэсгийн байцаагч тутамд 2, 4 хэсгийн төлөөлөгч тутамд       2, 5 хэрэг бүртгэгч тутамд 2 ажлын байр нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай гэсэн дүгнэлт, зөвлөмж гарсан.

Цагдаагийн байгууллагаас 48 төрлийн мэдээллийн сангийн 24 програм хангамж, бэлэн бус торгуулийн болон камерын хяналтын систем зэргийг                 2014 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашигласнаар 2019 оны байдлаар нийт зөрчлийн 25.0 орчим хувийг камерын хяналтаар илрүүлж, 1.9 сая орчим хүнийг        54 гаруй тэрбум төгрөгөөр торгож, бэлэн бус торгуулийн эргэн төлөлт 60.0 гаруй хувьтай байна .

Мөн жил ирэх тутам хүрээгээ тэлж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах зорилгоор тандагч, шинжлэгч багаж, рентген тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэн ашигласнаар энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 2018 онд 70.0 хувь, 2019 онд   43.2 хувь тус тус өссөн байна .

Гэвч сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй хүн амын төвлөрөл, автомашины импорт, үйлдэгдэж байгаа гэмт хэргийн үйлдлийн арга, техник, технологийн шинэчлэл, хөгжлийн хурдтай нийцүүлэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт техник, технологийг өргөнөөр нэвтрүүлэх, үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах шаардлага тавигдаж байна.

Иймд Цагдаагийн албаны тухай хууль (шинэчлэн баталсан)-ийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газар батална” гэж, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.4.6-д “Монгол цагдааг хөгжүүлэх, цагдаа иргэдтэйгээ хамтарч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн дээр дурдсан хэрэгцээ шаардлагыг харгалзан Цагдаагийн албаны тухай хууль,  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийцүүлэн “Цагдаагийн байгууллагын хөгжлийн    хөтөлбөр”-ийг боловсруулсан болно.

Энэхүү хөтөлбөрийг цагдаагийн байгууллагын бодлого, төлөвлөлтийг сайжруулах, хүний нөөцийг мэргэшүүлэх, сургаж дадлагажуулах, удирдах албан тушаалтны манлайлах ур чадварыг дээшлүүлэх, технологийн шинэчлэл хийх замаар үйл ажиллагааг шуурхай, хүртээмжтэй, дэлхийн өндөр хөгжилтэй орны жишигт хүргэхэд чиглэсэн хөгжлийн зорилго, зорилтыг тодорхойлсон бодлогын баримт бичиг болгохоор зорилоо.

Хөтөлбөр хэрэгжсэнээр цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх чадавх сайжирч, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дээшилж, үйл ажиллагаанд техник, технологийн дэвшлийг өргөнөөр нэвтрүүлэн, Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам, талбайг камержуулах,  хүний нүүр царайгаар таних чадвартай төхөөрөмж (facefinder)-ийг ашиглаж, хүн хүчийг хэмнэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, аюулгүйн бүсүүдийг бий болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит ахиц, үр дүн гарна гэж үзэж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт,
          хэрэгжүүлэх хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго:

Монгол Улсын цагдаагийн байгууллагын ойрын болон дунд хугацааны тогтвортой хөгжлийг хангаж, үйл ажиллагааг боловсронгуй болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажилд орчин үеийн менежментийн хэлбэр, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, үр дүнг дээшлүүлэх, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, мэдлэг, ур чадвар, чадавхыг сайжруулах, иргэдийн аюулгүй, амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт:

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

        2.2.1. Монгол цагдааг өв тэгш хөгжүүлэн мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж, албаны чадамжийг дээшлүүлнэ.

        2.2.2. Цагдаагийн албаны бодлого, төлөвлөлт, зохицуулалтын чанарыг дээшлүүлж, байгууллагын чадавхыг сайжруулна.

       2.2.3. Үйл ажиллагааны мэргэшсэн байдлыг хангаж, үр дүнг нэмэгдүүлнэ.

       2.2.4. Өндөр технологийг нэвтрүүлэх, цагдаагийн инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар үйл ажиллагааны баталгаатай, найдвартай байдлыг хангана.

        2.2.5. Иргэдийн оролцоо, бүх талын хамтын ажиллагааг дэмжинэ.

2.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

       2.3.1. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх
            үйл ажиллагаа

3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.1.1. шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд суурилсан хүний нөөцийн бодлого хэрэгжүүлнэ:

            3.1.1.1. хүний нөөцийн үйл ажиллагаа, эрх зүйн актуудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, холбогдох дүрэм, журмыг шинэчлэн баталж, мөрдүүлэх;

            3.1.1.2. цагдаагийн байгууллагад анх орох иргэнээс авах сонгон шалгаруулалт (ерөнхий шалгалт)-ын үйл ажиллагаанд судалгааны болон техник, технологийн дэвшилтэт арга аргачлалыг нэвтрүүлэх;

            3.1.1.3. хүний нөөц, сургалт хариуцсан албан тушаалтнуудыг мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, байнга хөгжүүлэх;

            3.1.1.4. хүний нөөцийн мэдээллийн цахим системийг боловсронгуй болгож, ашиглах.

       3.1.2. сургалтын шинэ тогтолцоог нэвтрүүлж, мэргэшсэн алба хаагчийг бэлтгэнэ:

            3.1.2.1. сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагааг өргөжүүлж,бүсчилсэн сургалтын 2 төвийг шинээр байгуулах;

            3.1.2.2. албаны сургалтын агуулга, технологийг шинэчилж, чадамжид суурилсан сургалтын үйл ажиллагаа явуулах;

            3.1.2.3. мэргэжлийн өндөр ур чадвартай, заах арга зүй эзэмшсэн сургагч багшийг бэлтгэж, ажиллуулах.

       3.1.3. алба хаагчийн сэтгэл зүйн бэлтгэл, бие бялдрын хөгжлийг сайжруулж, дасан зохицох, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлнэ:

            3.1.3.1. сэтгэл зүйчийн орон тоог нэмэгдүүлж, сэтгэл зүйн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх;

            3.1.3.2. цагдаагийн үйл ажиллагаанд сэтгэл зүйн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадварыг нэмэгдүүлж,  мэргэшүүлэх;

            3.1.3.3. биеийн тамир, спортын  цогцолбор байгуулж,  алба хаагчдын бие бялдрын хөгжлийг сайжруулах;

            3.1.3.4. алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад алба хаагчийн бие бялдрыг хөгжүүлэх өрөөг тохижуулж, тоноглох;

            3.1.3.5. цагдаагийн албанд шинээр болон шилжин томилогдсон, цэргийн байнгын тэтгэвэрт гарах алба хаагчийг тусгай хөтөлбөрт хамруулах.

       3.1.4. харилцааны соёл, эерэг хандлагыг төлөвшүүлж, алба хаагчийн ёс зүйг дээшлүүлнэ:

            3.1.4.1. алба хаагчдад сэтгэлгээний эерэг хандлага төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх төрөл бүрийн ажил, арга хэмжээг зохион байгуулж хэвшүүлэх;

            3.1.4.2. сургах, урамшуулах, хариуцлага тооцох олон талт арга хэмжээгээр алба хаагчийн харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлэх.

       3.1.5. хувь хүний хөгжлийг дэмжин алба хаагчийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ:

            3.1.5.1. алба хаагчаас гаргасан шинэ бүтээл-оновчтой санал, санаачилгыг урамшуулан дэмжиж,  тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх;

            3.1.5.2. хувь хүн өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах хүсэл эрмэлзлийг бүх талаар дэмжих;

            3.1.5.3. Монгол хэл, бичиг, соёлыг уламжлан өвлөх, үндэсний ёс, зан үйлийг танин мэдэх, хэрэглэж занших талаар сургалт, соёл, хүмүүжлийн ажлыг тогтмол явуулж хэвших.

3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.2.1. цогц бодлого, нэгдмэл төлөвлөлт, ухаалаг зохицуулалттай  удирдлагын тогтолцоог бэхжүүлнэ:

            3.2.1.1. цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;

            3.2.1.2. гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулж, хэрэгжүүлэх;

            3.2.1.3. мэдээлэлд суурилсан үйл ажиллагаа явуулах замаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдал, чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүлэх;

            3.2.1.4. тулгамдсан асуудлын шийдэлд чиглэсэн цагдаагийн уян хатан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

            3.2.1.5. иргэд, олон нийтийн дэмжлэг, туслалцаатайгаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хүртээмжтэй байлгах бодлогыг эрчимжүүлэх;

            3.2.1.6. цагдаагийн удирдлагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж,  эрх зүйн орчныг сайжруулах;

            3.2.1.7. байгууллагын төлөвлөлтөд үйл ажиллагаа үр ашигтай, үр дүнтэй байх зарчмыг мөрдлөг болгон эдийн засгийн хувьд үр ашигтай байх бодлого хэрэгжүүлэх;

            3.2.1.8. цагдаагийн удирдлагын үйл ажиллагаанд маркетингийн удирдлагын арга, технологийг нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлэх;

            3.2.1.9. цагдаагийн удирдлагын үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, уялдаа холбоотойгоор явуулах ухаалаг зохицуулалтын бодлого хэрэгжүүлэх.

       3.2.2. цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бэхжүүлж, эрх мэдэл, нөөцийг зөв хуваарилж, байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлнэ:

            3.2.2.1. нутаг дэвсгэрийн онцлог, хүн ам, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд тохируулан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах;

            3.2.2.2. цагдаагийн байгууллагын орон тоо, автомашин, тусгай хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлж, тэдгээрийн эдэлгээ, ашиглалтын нормативыг шинэчлэн баталж мөрдүүлэх.

       3.2.3. удирдахуйн ухааны шилдэг аргуудыг бүх шатанд нэвтрүүлж, удирдлагын манлайллыг дээшлүүлж, хүний хөгжил төлөвшилтийн орчин бүрдсэн, тасралтгүй суралцагч байгууллага болно:

            3.2.3.1. цагдаагийн төлөвлөлтийн чиг үүргийн хүрээнд стратегийн, хөтөлбөрийн, шийдвэр гаргалтын, инновацийн, төслийн, маркетингийн, өөрчлөлтийн, харилцааны, эрсдэлийн, цагийн удирдлагын аргуудыг нэвтрүүлэх;
            3.2.3.2. цагдаагийн зохион байгуулалтын чиг үүргийн хүрээнд: Системийн, үйл ажиллагааны, сүлжээний, мэдээлэл технологийн, олон нийтийн харилцааны, хэрэглэгчийн харилцааны, логистикийн, оффисын, хямралын удирдлагын аргуудыг нэвтрүүлэх;

            3.2.3.3. цагдаагийн удирдлагын манлайлалд чадамжийн, хүний нөөцийн, суралцагч байгууллагын, мэдлэгийн, зөрчилдөөний, сэтгэл судлалын, албан тушаалын, багийн удирдлагын аргуудыг нэвтрүүлэх;

            3.2.3.4. цагдаагийн удирдлагын хяналтын чиг үүргийн хүрээнд бүтээмжийн, гүйцэтгэлийн, чанарын, нөөцийн, санхүүгийн удирдлагын аргуудыг нэвтрүүлэх;

            3.2.3.5. удирдах албан тушаалтныг сургах, мэргэшүүлэх, давтан сургах нэгдсэн тогтолцоог бий болгох.

       3.2.4. байгууллагын аюулгүй байдлыг хангах, алба хаагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүй, эдийн засаг, нийгмийн баталгааг сайжруулах бодлогыг хэрэгжүүлнэ:

            3.2.4.1. цагдаагийн алба хаагчийн цалинг бусад хуулийн  байгууллагуудын жишигт нийцүүлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх;

            3.2.4.2. цагдаагийн алба хаагч, ажилтан, ахмадуудын эдийн засгийн болон нийгмийн баталгааг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх;

            3.2.4.3. алба хаагчийн нийгмийн баталгааг хангах, ахуй амьдралд нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бичил цэцэрлэг”, “Хүүхдийн өдөр өнжүүлэх”, “Хүүхэд харах үйлчилгээ” үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэд, байгууллагатай хамтран ажиллаж, алба хаагчдын хүүхдийг хөнгөлөлттэй үнээр хамруулах арга хэмжээг зохион байгуулах;

            3.2.4.4. нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчийг орон байр, хүнс, тээвэр, холбооны хэрэгслээр хангах, томилогдсон алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж, цагдаагийн алба хаагчийн гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх;

            3.2.4.5. алба хаагчийн ажиллах нөхцөл, эрүүл мэндийн баталгааг сайжруулах бодлогыг баталж, хэрэгжүүлэх;

            3.2.4.6. байгууллагын үнэт зүйл, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах зорилгоор ахмад ажилтны мэдлэг, туршлагыг бүтээлчээр ашиглах, өвлүүлэх бодлого хэрэгжүүлэх;

            3.2.4.7. байгууллага, алба хаагчийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг сайжруулж, тэдний хуулиар хүлээсэн баталгааг бүрэн эдлүүлэх.

       3.2.5. хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, харилцан ажиллагааны уялдаа холбоо, чанар, үр дүнг дээшлүүлнэ:

            3.2.5.1. байгууллагын дотоод хяналт болон дотоод аудитын үйл ажиллагааг сайжруулах;

            3.2.5.2. цагдаагийн байгууллагад үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх;

            3.2.5.3. цагдаагийн байгууллагын гүйцэтгэлийн болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах;

            3.2.5.4. цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний талаар хэрэглэгчдийн үнэлгээг хөндлөнгийн судалгааны байгууллагаар хийлгэн, дүгнэлт, зөвлөмж гаргуулж, түүний үр дүнг үйл ажиллагаандаа тусган сайжруулах;

            3.2.5.5. цагдаагийн байгууллагын хууль тогтоомж, үйл ажиллагааны стандарт, журмыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн байнга боловсронгуй болгож, алба хаагчдад хүртээмжтэй хүргэж, мөрдүүлэх;

            3.2.5.6. байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх;

            3.2.5.7. цагдаагийн байгууллагад иргэдийн хяналтын тогтолцоог төлөвшүүлж, тэдний дэмжлэгийг тусган хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааны шуурхай байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх.

3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.3.1. гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлыг олон улсын жишигт ойртуулна:

            3.3.1.1. гадаад улсын цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн тэргүүн туршлагыг судалж, нэвтрүүлэх;

            3.3.1.2. гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгож, шинжлэх ухааны ололт, техникийн дэвшлийг өргөнөөр ашиглах;

            3.3.1.3. Монгол Улсын иргэний бүртгэлийн мэдээллийн санд байгаа иргэний биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хээ)-д суурилсан мэдээллийн санг гэмт хэрэг илрүүлэх ажилд ашиглах боломжийг судлах.

       3.3.2. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгож, гэмт хэргийн өсөлт, иргэн, нийгэмд учруулах хор уршгийг бууруулна:

             3.3.2.1. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, судалгаанд суурилсан ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аюулгүйн бүсүүдийг бий болгох;

            3.3.2.2. гэмт хэргийн дуудлага мэдээллийн байршлыг тодорхойлох GPS төхөөрөмжөөр алба хаагчдыг хангах;

            3.3.2.3. эрүүлжүүлэх, саатуулах байр, Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яамны хамгаалалтын харуулын байр, хөдөлгөөнт хяналтын цэгийн байрны нөхцөлийг сайжруулах;

            3.3.2.4. аюултай ачааг тээврийн замд харгалзан хүргэх хамгаалалтын үеийн газар зүйн байршлыг хянах техникийн нөхцөлийг бий болгох;

            3.3.2.5. зөрчил гаргасан иргэнд давтан зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ, сургалт явуулах зохиомол орчинг бүрдүүлэх;

            3.3.2.6. усны, цасны, агаарын бага оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааг сайжруулах.

       3.3.3. гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тактик-арга зүйг сайжруулна:

            3.3.3.1. гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны      тактик-арга зүйг сайжруулах зорилгоор онол, практикийн бага хурал тогтмол зохион байгуулах;

            3.3.3.2. хэргийн газраас ул мөр илрүүлэх, бэхжүүлэх, хураан авахад ашиглах техник хэрэгслийг шинэчилж, шинэ технологийг нэвтрүүлэх;

            3.3.3.3. гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн үед хорио цээрийн дэглэм сахиулах, амь нас, эрүүл мэнд нь онц аюултай нөхцөлд байгаа хүнд тусламж үзүүлэх ажиллагаанд оролцох алба хаагчдыг хамгаалах хувцас, хэрэглэл, техник хэрэгслээр хангаж, нөөцийг бүрдүүлж, ашиглах.

3.3.4. мэдээлэлд суурилсан бодлогыг хэрэгжүүлж, албаны шуурхай байдлыг хангана:

            3.3.4.1. хөгжлийн бэрхшээлтэй болон хязгаарлагдмал орчинд байгаа иргэдээс дэвшилтэт техник ашиглан дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх;

            3.3.4.2. орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цахим мэдээллийн сангуудыг шинээр нэмэгдүүлж, боловсронгуй болгох;

            3.3.4.3. явуулын шуурхай удирдлагын штаб бий болгох.

       3.3.5. шинэ мэдлэг, дэвшилтэт техник, технологийг эрчимтэй ашиглана:

            3.3.5.1. техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчлэн сайжруулж, байгууллага, алба хаагчийг орчин үеийн дэвшилтэт техник хэрэгслээр хангах;

            3.3.5.2. цагдаагийн байгууллагын харьяа нэгжүүдийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх техник хэрэгсэл, анхан шатны тестээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;

            3.3.5.3. гэмт хэргийн ул мөр илрүүлэх, бэхжүүлэхэд шаардлагатай техник хэрэгслийг үйл ажиллагаанд ашиглах;

            3.3.5.4. “Хяналтын нисэх хэсэг”-ийг шинээр байгуулж, цагдаагийн албаны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ажиллагаанд үр дүнтэй ашиглах.

3.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.4.1. цагдаагийн байгууллагад шинжлэх ухаан, технологийн судалгааны бүтэц, хүний нөөцийг бий болгож, технологи нэвтрүүлэх, инновацийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ:

            3.4.1.1. гадаад улс, олон улсын байгууллагаас үзүүлж байгаа зээл, тусламжийн тодорхой хэсгийг цагдаагийн байгууллагын технологийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

            3.4.1.2. цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглах техник, технологи, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, хэрэглэлд тавих ангилал, шалгуур, баримтлах бодлогыг тодорхойлох;

            3.4.1.3. цагдаагийн инновацийн дэд бүтцийг бий болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах;

            3.4.1.4. цагдаагийн мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх.

       3.4.2. өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, дамжуулах замаар холбоо, техник хэрэгслийн шинэчлэлийг үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлнэ:

            3.4.2.1. телехяналтын камерын засвар, техник үйлчилгээний зардлыг цагдаагийн байгууллагын төсөвт тусгуулах;

            3.4.2.2. гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг ашиглах;

            3.4.2.3. бэлэн бус торгуулийн системийг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх;

            3.4.2.4. био хэмжил зүй, гарын мөрний адилтгалын автомат системийн сүлжээ, станцуудыг төмөр зам, иргэний агаарын тээвэр, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад нэвтрүүлэх;

            3.4.2.5. Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагуудын хэмжээнд  бие даасан шилэн кабелийн  нэгдсэн сүлжээг шинээр бий болгох;

            3.4.2.6. Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам, талбайг камержуулах, хүний нүүр царайгаар таних чадвартай төхөөрөмж (facefinder)-ийг суурилуулж, нэгдсэн удирдлагаар хангах;
            3.4.2.7. авто замын хэвтээ, босоо тэнхлэгийг байнгын хяналтад авах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замд камерын хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэх;

            3.4.2.8. цагдаагийн байгууллагын хэмжээнд богино долгионы болон хэт богино долгионы радио холбооны шинэчлэл хийх;

            3.4.2.9. цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд аймаг, сум дахь нэгжүүдийг холбох.

       3.4.3. цагдаагийн инновацийн “шинжлэх ухаан-үйлдвэрлэл-үйл ажиллагаа”-ны кластерыг үүсгэн инновацийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, зардлыг хэмнэн үр ашгийг нэмэгдүүлнэ:

            3.4.3.1. үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээ, инженер-техникийн дэд бүтцийг хөгжүүлэх;

            3.4.3.2. алба хаагчийн зарим төрлийн тусгай хэрэгсэл, зэвсэглэл техникийг үйлдвэрлэх боломжийг судалж, хэрэгжүүлэх;

            3.4.3.3. цагдаагийн алба хаагчийн дүрэмт болон хөдөлмөр, аюулгүй байдлыг хангасан хувцсыг дотооддоо үйлдвэрлэх үйл ажиллагааг өргөжүүлэх.

       3.4.4. мэдээллийн технологийн дэвшил, програм хангамжийн зөв оновчтой шийдлийг нэвтрүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангана:

            3.4.4.1. цагдаагийн байгууллагын мэдээлэл, холбооны технологийн үйл ажиллагаанд системийн иж бүрэн судалгаа, шинжилгээ хийх;

            3.4.4.2. цагдаагийн байгууллагын төрөл мэргэжлийн албадын мэдээллийн систем, мэдээлэл нэгтгэн боловсруулах програмыг нэгдмэл байдлаар  боловсруулж, нэвтрүүлэх;

            3.4.4.3. байгууллагын үйл ажиллагаанд “Ухаалаг тайлангийн систем” (Business Intelligence) нэвтрүүлэх;

            3.4.4.4. улсын хэмжээнд гэмт хэргийн цахим зураглал (crime map)-ыг цагдаагийн байгууллагын хэмжээнд (ArcGis) нэвтрүүлэх;

            3.4.4.5. цагдаагийн байгууллагын цахим архивын санг бий болгож, архивын үйлчилгээнд бүрэн шилжүүлэх;

            3.4.4.6. байгууллагын удирдлагын цогц системийг сайжруулах;

            3.4.4.7. цагдаагийн байгууллагад ашиглаж байгаа серверүүдийг төвлөрүүлэн нэгтгэж “Дата төв” байгуулах;

            3.4.4.8. цагдаагийн байгууллагын нэгдсэн системд холбогдож байгаа компьютеруудад албан ёсны лицензтэй програм хангамж ашиглах;

            3.4.4.9. Цагдаагийн байгууллагын алба хаагч хаанаас ч байгууллагын дотоод сүлжээний орчноос өөрийн компьютерт хандаж ажиллах боломжтой “Desktop Virtualization” технологийг нэвтрүүлэх.

       3.4.5. хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюулгүй техник, технологи, тусгай хэрэгслийг ашиглах бодлого хэрэгжүүлнэ:

             3.4.5.1. монгол хэл дээрх програм хангамж, платформуудыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг цахимжуулах;

             3.4.5.2. хүний амь насанд аюулгүй зэвсэг, хэрэгслийн хангалт, ашиглалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд ашиглах.

3.5. Хөтөлбөрийн 5 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       3.5.1. олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлнэ:

            3.5.1.1. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлж, мэргэжил, арга зүйн  туслалцаа үзүүлэх, дэмжих, урамшуулах;

            3.5.1.2. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийт, оюутан залуучуудын үүрэг оролцоог идэвхжүүлэх, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах ажлын үр дүнг дээшлүүлэх;

            3.5.1.3. гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхийн дунд хэрэгжүүлсэн хяналтын тогтолцоог хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд өргөн нэвтрүүлж, аюулгүй орчныг бүрдүүлэх;

            3.5.1.4. “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдөр”-ийг бий болгож, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлах, соён гэгээрүүлэх ард иргэдийн цагдаад итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

            3.5.1.5. олон нийтийн цагдаагийн ажилтны ажиллах эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, энэ чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжлэг авч, хамтран ажиллах;

            3.5.1.6. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоотой хамтран тэдний эрх ашгийг хамгаалах, үзүүлэх үйлчилгээний стандартыг боловсруулах;

            3.5.1.7. гэрээт харуул болон хувийн хамгаалалтын ажил эрхэлж байгаа хуулийн этгээдийг олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлэх.

       3.5.2. аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах бусад байгууллагатай харилцан, хамтран ажиллах түвшинг ахиулна:

            3.5.2.1. аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах бусад байгууллагатай харилцан ажиллах үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх;
            3.5.2.2. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын цагдаагийн байгууллагуудтай хамтран ажиллах эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгож, хамтарсан сургалт зохион байгуулах;

            3.5.2.3. террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа, онцгой нөхцөл үүссэн үед ажиллах чиглэлээр явуулах дадлага, сургалтыг тогтмол зохион байгуулах.

       3.5.3. цагдаагийн байгууллагын гадаад харилцааг өргөжүүлж, үйл ажиллагааг идэвхжүүлнэ:

            3.5.3.1. гадаад орнуудын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгож, хамтын ажиллагааг өргөжүүлэх;

            3.5.3.2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн алба хаагчийн оролцоог нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх;

            3.5.3.3. өндөр хөгжилтэй улс орнуудад алба хаагчдыг мэргэшүүлэн сургах, сургагч багш, мэргэжилтэн урьж ажиллуулах тоог нэмэгдүүлэх;

            3.5.3.4. сургалтын нэгдсэн төвийн материаллаг баазыг бэхжүүлж, алба хаагчдад гадаад хэлний мэдлэг эзэмшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулах.

       3.5.4. олон улсын байгууллага, гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдтэй үр дүнтэй хамтран ажиллана:

            3.5.4.1. олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр албаны чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах;

            3.5.4.2. цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх сайн дурынхны үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Цагдаагийн сайн дурын ажилтан” арга хэмжээг хэрэгжүүлэх.

       3.5.5. олон нийттэй харилцах, мэдээлэл харилцааны үр ашгийг нэмэгдүүлнэ:

            3.5.5.1. олон нийтийн дунд “Монгол цагдаа” брэндийг бий болгож, бүх талаар сурталчлах, иргэдийн итгэл хүндэтгэлийг бий болгох;

            3.5.5.2. байгууллагын хэмжээнд мэдээлэл харилцааны стратеги боловсруулж, хэрэгжүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн хүрэх үр дүн,
          шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

       4.1.1. Цагдаагийн байгууллага мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөөр бэхжиж, алба хаагчийн эрх зүйн байдал, эдийн засаг, нийгмийн баталгаа сайжирна;

       4.1.2. Удирдахуйн шилдэг технологийг бүх шатанд нэвтрүүлснээр бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бий болж, бодлогын хэрэгжилт, зохицуулалтын чанар дээшилнэ;

       4.1.3. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулснаар 100.000 хүнд ногдох гэмт хэргийн гаралтыг         1.0 хүртэл хувиар бууруулж, зам тээврийн ослоор 100.000 хүнд ногдох нас баралтыг 2 хүртэл нэгжээр багасгана;

       4.1.4. Шинэ мэдлэг, дэвшилтэт техник, технологийг эрчимтэй нэвтрүүлснээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны баталгаатай, найдвартай, хүртээмжтэй байдал хангагдаж, эдийн

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна